|
|
 |
Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат:
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНДЭЭР ӨӨРИЙГӨӨ ХАРУУЛАХ ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ БОЛЛОО
Монголын үндэсний компани дэлхийн нэр хүндтэй бирж дээр өөрийн хувьцаагаа арилжиж байгаа анхны үйл явдалд сэтгэл их хангалуун байна. Монголын эдийн засаг дэлхийн зах зээл дээр гарч, дэлхий Монголыг таньж мэдэх хүрээг тэлж, анхны зам мөрийг гаргаж байна. Энэ гаргасан зам мөрийг дагаад Монголын олон компани дэлхийд нэр хүндтэй Азийн энэ бирж дээр гарч ирцгээх байх. Дэлхийн дэвжээн дээр өөрийгөө харуулах өргөн хүрээтэй боллоо.
Нутаг уснаасаа халиад бүс нутаг, дэлхийн хэмжээнд гарч ирж байна. Дэлхийн аль ч өнцөг булангаас энэ хувьцааг худалдаж авах боломжтой учраас эдийн засгаа нээлттэй болгож байгаа том ач холбогдолтой юм. Эхлэл тавихад нэг талаар их хэцүү ч нөгөө талаараа асар нэр хүндтэй байдаг. Энэ үйл явдлын ач холбогдол их өндөр юм шүү. Анхны энэ зам мөрийг гаргаж байгаа компани уул уурхайн компани байгаа нь надад их бэлгэ дэмбэрэлтэй санагдаж байна.
/ 2010-10-29 /
|
 |
Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат:
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛНО
Mongolian Mining Corporation компани Хонконгийн бирж дээр бүртгүүлснээр олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг Монголын анхны компани боллоо. Монголын компани Хонконгийн биржид бүртгүүлж, үнэт цаасаа арилжсанаар дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг компанийн засаглалтай, санхүү болон санхүүгийн бус үйл ажиллагаа нь дэлхий нийтэд ил тод, тунгалаг компани болж гарч ирлээ. Зах зээлийн зарчим, засаглал, санхүүгийн жишгээрээ тус компани Монголын хөрөнгийн зах зээлд үлгэр жишээ болно.
/ 2010-10-29 /
|
 |
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД ИХИЙГ БҮТЭЭЖ ЧАДАХАА ХАРУУЛЛАА
Сэтгэл дүүрэн байна. Яг энэ мөчийг Монголын компаниуд хориод жил мөрөөдсөн шүү дээ. Ийм том зах зээл дээр гарч, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхийг бид хорин жил мөрөөдлөө. Мөрөөдөл биелдэг юм байна. Монголын залуучууд үнэхээр сайхан ажиллаж, их зүйл бүтээж чаддагийг харууллаа. Хаана ч, юун дээр ч гараад ажиллаж чадахаа харууллаа. Үүнд маш их олзуурхаж байна.
Ач холбогдлыг нь компанийн түвшинд аваад үзвэл хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж байна. Босгож байгаа 650 сая ам.доллар гэдэг Монголд асар их мөнгө. Тэгэхээр компанийн хувьд зөв юм хийгээд явбал мөнгө нь олддог юм байна, байж байдаг юм байна гэдгийн жишээ энэ юм. Монголын эдийн засаг, улсын эрх ашгийн үүднээс аваад үзвэл энэ компани “PIONEER” нь болж урд нь явж байна. Араас нь дагаад Монголын олон компани гарч ирнэ. Тэр компаниудынхаа зам мөрийг сайнаар тавьж өгч байна. Энэ утгаараа их тэмдэг лүүштэй зүйл.
Эдийн засгийн үзүүлэлт, үйл ажиллагаатай холбоотой бусад зүйлсийг ярих юм бол зөндөө ихийг ярих болно. Энд нэг чухал зүйлийг анхаарах хэрэгтэй юм. Монголын эдийн засагруу гаднаас мөнгө ороод ирлээ. Одоохондоо бид мөнгө орж ирж байгаад баяртай байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа орж ирж байгаа энэ их мөнгийг яаж удирдах вэ, хэрхэн залах вэ гэдэг нь өөрөө тодорхой асуудлыг үүсгэнэ. Тийм учраас улсын эдийн засгийн үүднээс авч үзвэл одооноос төр, засгийн хэмжээнд үүнийг хэрхэн шийдэхээ бодож боловсруулж тодорхой алхмууд хийж эхлэх хэрэгтэй байна.
/ 2010-10-29 /
|
 |
“НЭПКО” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Баабар:
ОЛОН УЛСАД НЭ ХҮНДТЭЙ БИРЖ ДЭЭР ГАРНА ГЭДЭГ МАШ ТОМ ҮНЭЛГЭЭ АВАХ ШАЛТГААН
Хонконгийн бирж бол дэлхий дээрх дөрвөн том биржийн нэг. Цаана нь Лондон, Токио, Нью-Йоркийн гээд гурван том бирж бий. Энэ хэдэн бирж дээр болж байгаа процесс дэлхийн үнийн, чанарын бүхл зүйлийг тодорхойлж байдаг. Энд анх удаа Монголын компани гарч байна. Үнэхээр тэмдэглэлт үйл явдал. Монгол улс капиталист улс болж буйн том илэрхийлэл. Энд гарч ирээд, арилжаа хийж, дэлхийн ханш гэж ярьдаг зүйл дотор өөрөө орж байж л, өнөө капитализм гэдгийг чинь бид байгуулна шүү дээ. Тэрүүхэндээ бужигнаад, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байдлаар бол явахгүй.
Олон улсын шилдэг бирж дээр гарна гэдэг амар зүйл биш. Шалгуур нь маш өндөр. Тэгэхдээ хэн дуртай нь ороод шалгаад байхгүй. Хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын аудит, хөндлөнгийн байгууллагууд шалгаж байж, орж болох юм байна гэсэн үнэлгээг өгдөг. Сая сая хүмүүс янз бүрийн хувьцаа худалдаж авч байгаа. Тэр хүмүүсийг хуурч болохгүй. Тэнд нэг мөнгөний ч зөрүүг аргаж болохгүй. Дэлхий дээр хэдэн мянган бирж байгаал байх. Тэр дундаас дэлхийн дөрвөн том бирж гэдэг нь хамгийн итгэлтэй, найдвартай, хуурдаггүй, үнэн зөв мэдээлэл өгдөг гэсэн үг шүү дээ.
Ийм том биржийн хаалгаар Монголын компани нэвтрээд орчихлоо. Олон улсад нэр хүндтэй бирж дээр гарна гэдэг маш том үнэлгээ авах шалтгаан шүү дээ. Хоёр гурав дахь компани нь ороод ирэхээр Монголын талаар их зөв, өөр ойлголт өгнө. Өөр шатруу гарч ирж байна гэсэн үг юм.
/ 2010-10-29 /
|
 |
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан:
Монгол улсад тохиолдсон эдийн засаг, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг давантуулахын тулд иргэд байгууллагын дансан дахь харилцахын үлдэгдэл, хадгаламжинд төрөөс баталгаа гаргасан. Энэ баталгааг хэрэгжүүлснээр банкны салбарын түүнчлэн эдийн засгийн салбар дахь хямралыг даван туулахад чухал алхам болсон.
Мөн Засгийн газраас хөрөнгийн зах зээлрүү нэлээд анхаарч, хөрөнгийн биржийг олон улсын жишгээр зохион байгуулах, менежментийн багийг шинээр бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь зөв зүйтэй байна. Яагаад гэвэл иргэд байгууллагын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө бол зөвхөн банкинд хадгаламж хэлбэрээр байршдаг байсан болохоос биш санхүүгийн бусад зах зээл дээр гарах бололцоо Монгол улсын хувьд хязгаарлагдмал байгаа. Хөрөнгө оруулалтын банк байгуулах, хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа худалдаж авах, хөрөнгө оруулалтын аливаа сангуудад мөнгөө байршуулах ийм чиглэлээр орлого олох бололцоо хумигдмал байна.
Энэ чиглэлээр Засгийн газар ажиллаж байгаа нь тодорхой хэмжээнд үр дүнд хүрэх байхаа гэж бодож байна. Таван толгойн орд газрыг эргэлтэд оруулахын тулд Засгийн газар нэлээд хүчин чармайлт тавьж байна. Оюу толгой төслийн хэрэгжилтийн явцад үндэсний компаниудыг оролцуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, монгол ажилчдын тоог хуульд заасан хэмжээнд хүргэхийн тулд Засгийн газар сайн ажиллах шаардлагатай. Энэ талаар дутмаг байна гэж бодож байна. Тиймээс цаашид томоохон төсөл хөтөлбөрүүдэд үндэсний компаниудын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний ажилтан бэлтгэх, хуульд заасан квот хэмжээнд нь хүргэхэд анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй.
/ 2010-10-29 /
|
|
|
|
|
|
|
|